Thursday, December 10, 2009

Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай

Харь газар очиж ажилласан монголчууд маань мөнгө болон цаг хугацааны үнэ цэнийг ихээхэн мэдэрч, ашиглаж сурдаг гэнэ. Эх орондоо байхдаа энэ бүхнийг яагаад сурдаггүй юм бол.
Бүх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгах гэж чадлынхаа хэрээр зүтгэдэг. Харин хүүхэд тань хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч гэсэн амьдрал дээр “санхүүгийн шалгалтандаа” унавал сайн сайхан амьдралыг зөвхөн мөрөөдөх болно.


Учир нь мөнгөний асуудлаа шийдсэн хүн амьдралынхаа сонголтыг мөнгөнөөс хамаарах дарамтгүйгээр хийдэг. Тиймээс үр хүүхэд тань нас бие гүйцсэн хойноо санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гэж цаг алдаж, зовж байхыг харахыг хүсэхгүй байгаа бол та анхаарлаа хандуулна уу.
  • Хуримтлалын гайхамшиг

“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” хэмээх номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан нэгэн түүхийг өгүүлжээ. “…Танил маань долоон настай охиндоо 10 ам.доллар өгөөд аав нь чамд нэг зүйлийг үзүүлье гээд ядуусын хороололд дагуулан очжээ. Тэр хавиар нэлээд явж, бүр хоолны газраар нь хүртэл оржээ. Эцэст нь аав нь охиндоо “Эдгээр хүмүүсийг чиний насан дээр байхад эцэг эх нь мөн л 10 ам.доллар өгсөн. Гэвч тэд тэр дор нь л чихэр жимс аваад идчихсэн. Хүн мөнх эцэг эхтэйгээ амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт бие дааж амьдрах болно. Харин чи сайхан амьдрахыг хүсч байвал олдсон мөнгөө хадгалж сурах хэрэгтэй” гээд хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгчээ. Охин тэдгээр ядуусын нэг болохыг хүсээгүй тул өөртөө мөнгөн хуримтлал бий болгож, насанд хүрэхдээ зуун мянга гаруй ам.доллартой болсон байжээ…”
Монголчууд ихэнхдээ “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэсэн хуулиар амьдарч ирсэн. Үүнд багын хүмүүжил, боловсрол болон тайван “монгол араншин” ихээр нөлөөлдөг нь ойлгомжтой. Монголд жирийн амьдралтай нэгэн ажил хийлгүй хэдэн сар хамаатан саднаараа тэжээлэгээд байж болдог. Тэр байтугай гуч гарсан хэрнээ эцэг эхтэйгээ амьдраад, тэжээлгээд явж л байдаг. Харин зах зээл хөгжсөн орнуудад эцэг эхчүүд нь хүүхдээ 18 нас хүрмэгц тусад нь гаргадаг.
Энэ нь нэг харах нь ээ хэтэрхий харгис мэт боловч өрсөлдөөнтэй нийгэмдээ дасгаж, амьдрах дадлыг эртнээс сургах гэсэн арга бололтой. Бидний амьдарч байгаа зах зээлийн нийгэм маань өөрөө хатуу хуультай. Тиймээс бид үр хүүхдээ ирээдүйд сайн сайхан байлгахыг хүсвэл зохих хэмжээний санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тул нэн тэргүүн мөнгө хуримтлуулах аргад сургах нь чухал. Хуримтлалтай байвал хүүхэд тань хэзээд өөрийн гэсэн хөрөнгөтэй байх, гэнэтийн шаардлага гарсан үед хуримтлалаа ашиглан олон эрсдэлээс хамгаалагдах, мөнгөө бодлоготой хэрэглэх, мөнгө хадгалах дадалтай болох зэрэг олон давуу талтай байдаг.
Манай монголчууд хүүхдэдээ хадгаламж нээлгээд, тэдэнд огт үзүүлэхгүй байсаар насанд хүрэх хэрд нь гэнэтийн бэлэг болгон гардуулдаг. Харин гэнэт баяжсан “цээж баян” маань юу юугүй үрж гарна. Яагаад гэвэл хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг, энэ мөнгө хэрхэн хуримтлагдсаныг мэдэхгүй. Харин “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэдэг хуулийг сайн мэдэж байдаг. Тэгвэл Америк гэр бүлүүд хүүхдүүддээ эртнээс хадгалах дадал суулгах үүднээс банканд хадгаламжийн данс нээж өгдөг.
Энэ нь зүгээр нэг төмөр хайрцганд мөнгөө хадгалахаас илүү үр дүнтэй байдаг тул хүүхдүүд ч мөнгөн хуримтлалаа өсгөхөд их зүтгэлтэй ханддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд нь дансан дахь мөнгөнийх нь гүйлгээг хүүхэдтэйгээ хянаж, ихэнхи орлогыг хүүхэд өөрөө хийдэг байна. Тиймээс хүүхэд дансан дахь мөнгөн хуримтлал нь хэрхэн бий болсныг, мөнгөний үнэ цэнийг мэддэг, мөнгөтэй зөв харилцаж сурсан үед нь дансыг өөрт нь хүлээлгэж өгдөг байна.
  • Үргүй зардал
Удаан уулзаагүй хүүгээ ирэхэд нь би зав л гарвал дагуулан дэлгүүрээр хэсч хүссэн зүйлийг нь авч өгснөөр санасан сэтгэлээ дэвтээдэг байв. Гэтэл үүний дүнд гэрт эвдэрхий тоглоомын сэг хөглөрч, хүү маань энд тэнд явахдаа нүдэндээ харагдсан бүхнээ авах гэж зүтгэдэг “дарангуйлагч” болчихсон байв. Хямдхан юм чинь хэмээн 1000, 2000 төгрөгийг тоолгүй барихад л эвдрэх тоглоом, бохь, чихэр авч өгснөөр би хүүдээ баяр баясгаланг өгч байна хэмээн эндүүрдэг байжээ.
Энэ мэтээр хүүгээ өөгшүүлсээр байтал нэн тэргүүнээ хонгор үр маань үрэлгэн занд суралцаж, цоорхой шуудай руу мөнгөө юүлэхэд бэлэн нэгэн болох нь ээ. Хоёрдугаарт 1000, 2000 төгрөгийг бараа мэт зарж буй тэр эрхэм үүгээрээ ашиг олж байгаа болохоор би тэр хэрээр алдагдалд орж байгаа гэсэн үг. Энэ бүхнийг анзаарсан болохоор би хүүгийнхээ өмнөөс худалдаа хийхээ больж, түүнийг мөнгөтэй харилцах аргад сургахын тулд сар тутам халаасны мөнгө өгч байхаар боллоо. Энэ арга маш богино хугацаанд үр дүнгээ харуулсан юм.
Эхний удаад хүү мааань мөнгөө тэр дор нь үрж орхилоо. Мэдээж бид тохиролцсон болохоор хүү маань энэ сар надаас ямар нэгэн зүйл нэхэх эрхгүй. Харин дараагийн удаа юу худалдаж авахаа төлөвлөдөг болж, дараа сар нь сонирхсон барааныхаа үнийн судалгааг хийж сэтгүүл эргүүлж байгаа харагдсан юм. Тэгээд таалагдсан зүйлээ авахын тулд хэдэн сарын цалингаа цуглуулахаа тооцоолж, бэлгэнд авсан мөнгөө хүртэл уйгагүй цуглуулж билээ. Бас хүү маань өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан тоглоомоо ариглан гамнаж, юу юугүй эвдэхээ больсон билээ.
Ийнхүү дээрх арга хүүд маань хадгалах, сайн сонголт хийх, хүссэн зүйлдээ хүрэх тэвчээр, худалдаа хийх сайн муу талууд, алив зүйлийн үнэ цэнийг бага ч гэсэн ойлгуулж өгсөнөөрөө сайн хичээл болсон. Би ч хүүгийнхээ элдэв хүслийг гүйцээх гэж үргүй зардал гаргахаа больсон. Нэмж хэлэхэд таны мөнгөтэй харилцах байдлаас хүүхэд тань суралцдаг гэдгийг сайтар бодолцон хүүхдийн шуналыг төрүүлэх, нүдэн дээр нь мөнгөө дэмий зүйлд зарахгүй байхыг хичээгээрэй. Мөн хүүхдийн мөнгөний хэрэглээнд үеийнхнийх нь дарамт, нөлөө ихээхэн байдаг бөгөөд тэд материаллаг зүйлсийн хойноос хөөцөлдөж мөнгөө үргүй зарах тохиолдол цөөнгүй. Энэ үед нь тэднийг загнахын оронд сайн зөвлөж хэлэх, ярилцах, мөн санхүүгийн амжилтад хүрэгсдийн номыг уншуулбал илүү үр дүнтэй байх болно.
  • Санхүүгээ бэхжүүлэх аргад сургах нь

Та хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөөд, мөнгөтэй зөв харилцах аргад сургасан бол дахиад нэг зүйлийг заах хэрэгтэй. Хүүхэд тань өгсөн бэлэн мөнгөөр дансаа цэнэглэхээс гадна мөнгөө зохих хэмжээний эргэлтэд оруулж, өсгөх аргыг эзэмших хэрэгтэй. Энэ нь санхүүгийн чухал боловсрол гэж мэргэжилтнүүд үздэг. Үнэндээ доор санал болгох зүйл монголчууд бидний хувьд танил санагдахгүй байх аа. Учир нь бид өөрсдөө үнэт цаас, хувьцаа, бондын талаар сайн мэдэхгүй шүү дээ. Харин зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад хувьцаа, үнэт цаас, бонд зэргийг энгийн иргэд нь санхүүгээ өсгөхөд өргөн ашигладаг байна.
Хүүхдэдээ сурч, ажиллахын хажуугаар мөнгө өсгөх дээрх аргыг эзэмшүүлэхийн тулд та өөрөө эхлээд туршаад үз. Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө та хувьцааны зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж энэ талаар багагүй судалгаа хийхэд гэмгүй. Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох нэгэн номын зохиогч “…Энгийн ажил эрхэлдэг, жирийн хүмүүс саятан болдог. Тэд сугалааны хожлоор гэнэт баяждаггүй, харин удаан хугацааны турш бага багаар хуримтлуулсан мөнгөө зөв хөрөнгө оруулалтаар өсгөхийн ашиг тусыг мэддэг учраас л баялаг цуглуулж чаддаг” гээд хүүхдэд өгөх санхүүгийн бэлэг дотроос хамгийн үнэтэй нь хувьцаа байх болно хэмээн онцолжээ. Хувьцааны хөрөнгө оруулалтаар ихээхэн хэмжээний хөрөнгө олж болохыг хэн ч үгүйсгэхгүй ээ.
  • Юунаас эхлэл вэ?
Хүүхдүүд мөнгөний талаарх мэдлэг, боловсролыг найз нөхөд, сургууль хэвлэл мэдээлэлээс олж авах байх хэмээн найдах хэрэггүй. Эцэг эхчүүд л энэ талын боловсролд нь анхаарал тавьж, мөнгөө зөв хэрэглэж сурахад нь туслах хэрэгтэй. Бага насны хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулахын тулд дэлгүүр лүү дагуулан явж, хямдралын талон ашиглах, хямдрал явагдах үеэр нь худалдаа хийж, жинхэнэ үнийг худалдан авсан дүнтэй нь харьцуулан хэмнэлтээ хамтдаа тооцоолох зэргээр үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй.
Мөн гэр бүлийнхээ санхүүгийн төсөв тооцоондоо хүүхдүүдээ оролцуулах нь тэдэнд цаашдаа өөрсдийн мөнгөний урсгалаа зөв зохицуулах дадлыг олоход нь туслана. Мөн мөнгийг хөдөлмөрлөж олохын баяр баясгаланг мэдрүүлж, шийдвэр гаргах чадварыг нь сайжруулахад туслах зорилгоор биед нь тохирсон ажил хөдөлмөр хийлгэсэн ч болно.
Хүүхдүүд хүсвэл өөрсөндөө тохирсон ажлыг олж чаддаг. Гэхдээ энэ мэтээр мөнгө санхүүгийн асуудалд анхаарлыг нь хандуулах нь шуналын тулам болго гэсэн үг огтхон ч биш. Харин ч хэт их шунаглан хорхойсохоос болгоомжлуулах нь эцэг эхийн үүрэг. Дээрх аргуудаас гадна хүүхдийн санхүүгийн боловсролын янз бүрийн гарын авлага номуудыг өргөнөөр ашиглаж, хүүхэддээ мэдлэг мэдээллийг олгох нь чухал.

No comments:

Post a Comment