Saturday, December 5, 2009

Оросын хамгийн баян тамирчин хэн бэ?

Манай хойд хөрш Орос улсын тамирчид олон улсын хэмжээний шилдэг тамирчид байдаг билээ. Тамирчин бүр дэлхийн хэмжээний алдартнууд болсноос гадна эд хөрөнгөний хувьд ч баян чинээлэг нэгэн болжээ.
Тус улсын “Финанс” сэтгүүлээс гаргасан 2009 оны Оросын хамгийн баян 10 тамирчныг танилцуулж байна.



Мария Шарапова
Талбайн теннисийн шилдэг тамирчин Шараповагийн орлого өнгөрсөн оны 24 сая доллароос 1,5 саяар буурсан ч тэрбээр Оросын хамгийн баян тамирчны эхний байраа хадгалж чаджээ. Гэмтэл бэртлийн улмаас спортоос түр завсардсан Шарапова энэ жил теннисийн талбайд тоглон ердөө 0,9 сая долларын орлого олсон ч зар сурталчилгааны гэрээнээс чамгүй их ашиг олжээ.

Андрей Кириленко
Өнгөрсөн оны жагсаалтын хоёрдугаар байрын тамирчин Кириленко мэнэ жил байраа хэвээр хадгалжээ. Үүнээс гадна тэрбээр хамгийн өндөр цалинтай орос тамирчин болжээ. Кириленко дунджаар 15,1 сая долларын орлого олжээ. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн /НБА/ лигийн “Юта-Жаз” багт хүчин зүтгэдэг тэрбээр “Нью-Жерси Нетс” багт шилжвэл үүнээс ч илүү ихийг олох боломжтой аж. Оросын тэрбумтан Михаил Прохоров саяхан НБА-гийн “Нью-Жерси Нетс” багийг худалдан авахаар тохиролцжээ.

Александр Овечкин
Шайбтай хоккейн тоглогч Александр Овечкин 12 сая долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Тэрбээр Америкийн үндэсний хоккейн /АҮХ/ лигийн “Вашингтон Капитал” багтай гэрээ байгуулснаас гадна зөвхөн зар сурталчилгаанаас гурван сая долларын ашиг олжээ. Оросын шилдэг хоккейчин тэрбээр АҮХ лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хоёр удаа хүртэж байжээ. Овечкин 2008 онд “Вашингтон Капитал” багт 13 жил хүчин зүтгэхээр 124 сая долларын гэрээ байгуулжээ.

Андрей Аршавин
Английн хөл бөмбөгийн дээд лигийн “Арсенал” багийн довтлогч Андрей Аршавин үл ялиг хөрөнгийн зөрүүгээр Овечкины ард нь бичигджээ. Тэрбээр энэ онд 11,25 сая долларын орлого олжээ. Оросын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Аршавин хоёрдугаар сард Английн хөл бөмбөгийн клубт шилжсэн билээ. Тэрбээр өмнө нь Оросын Зенит Санкт-Петербург клубт тоглож байсан юм.

Евгений Малкин
Америкийн үндэсний хоккейн лигийн “Питтсбургийн оцон шувууд” багийн төвийн тоглогч Евгений Малкин өнгөрсөн оны үзүүлэлтээ ахиулж жагсаалтын тавдугаарт оржээ. Тэрбээр тус багт тоглох таван жилийн гэрээ хийж, 3,8 сая долларын орлогоо 8,7 сая хүргэсэн байна.

Иля Ковалчук
Оросууд хоккейн спортоор дэлхийг эзэгнэдгийн адил энэ жагсаалтад хоккейн спортын тамирчид давамгайлжээ. АҮХ лигийн “Атланта Трашерс” багийн тоглогч Ковалчук 7,5 сая долларын орлогоор жагсаалтын зургадугаарт бичигдсэн байна.

Юрий Жирков
Оросын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн төвийн хамгаалагч Юрий Жирков долдугаарт оржээ. Оросын хөл бөмбөгийн “ЦСКА” клубт тоглож байсан тэрбээр өнгөрсөн долдугаар сард Английн хөл бөмбөгийн дээд лигийн “Челси” багт 30 сая долларын гэрээгээр шилжин иржээ. Энэ жил 25 настай Жирков дэлхийн хамгийн баян хөл бөмбөгийн клубтэй таван жилийн гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу Жирков жилд 7,5 сая доллар хүртэх юм.

Павел Дацюк
АҮХ лигийн “Детройтийн улаан жигүүрүүд” багийн төвийн тоглогч Павел Дацюк 2007 оны долдугаар сард тус багтай 46,9 сая долларын долоон жилийн гэрээ байгуулсан билээ. Тэрээр энэ онд жагсаалтын наймдугаарт оржээ.

Сергей Гончар
Америкийн үндэсний хоккейн лигийн “Питтсбургийн оцон шувууд” багийн хамгаалагч Сергей Гончар нэг улиралд зургаан сая долларын орлого олдгоороо уг жагсаалтад багтжээ.

Андрей Марков
Оросын хоккейн үндэсний шигшээ багийн хамгаалагч, АҮХ лигийн “Монтреал Канадиен” багийн тоглогч Андрей Марков 5,8 сая долларын орлогоор хамгийн баян 10 тамирчны жагсаалтын сүүл мушгижээ.

No comments:

Post a Comment