Thursday, December 10, 2009

Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг, эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай. Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг. Харин түүнийг олж харж, амжуулж, ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж, харин эрт босч, орой унтсан нэг нь хөгждөг.

Та өнгөрсний тухай бодох, юу хийхээ төлөвлөх, ирээдүйгээ төсөөлөх зэрэгт битгий хэт их цаг зарцуулаарай. Харин түргэхэн шиг барьж аваад шууд л хийгээрэй. “Залхуурал нь хүний амьдралын маш их цагийг дэмий үрж, хүн өөрийнхөө эзэн нь байхад маш бага цагийг үлдээж байгааг би мэдэрсэн” гэж Линкольн дуу алдсан удаатай. Үнэхээр дэмий зүйл хийж үргүй өнгөрөөх цагаасаа ганцхан цагийг нь өөртөө зарцуулбал хэдхэн сарын дотор маш их хөгжих боломжтой юм. Хүн нэг цагийн дотор 20 хуудас зүйлийг анхааралтайгаар уншиж чаддаг гээд тооцвол жилд хамгийн багадаа 7000 хуудас буюу хэдэн арван ном уншиж чадах хугацаа. Гэтэл бид амьдралынхаа өдөр бүрээс 4-5 цагийг ямар ч үр бүтээлгүй, юу хийж яаж өнгөрөөсөнөө ч мэдэхгүй болтлоо залхуурсан байдаг шүү дээ.
Амжилтанд хүрсэн олон хүмүүс цэнгэх, амрах цагнаасаа жаахан жаахнаар хумсалж байж амжилтанд хүрсэн байдаг.
Гарриет Бичер-Стоу өөрийн алдарт “Том ахын овоохой” номоо ар гэрийнхээ өчнөөн ажлын хажуугаар бичиж дуусгасан. Берне ихэнх алдарт шүлгүүдээ ферм дээр ажиллаж байхдаа амсхийх зуураа бичсэн. Линкольн барааны агуулахын манаач байхдаа хуулийн номуудыг бие даан судласан. Жон Стюарт Милл бичиг хэргийн ажилтан байхдаа өөрийн суут бүтээлүүдээ туурвисан. Чарльз Фрост хэмээх гуталчин өдөрт нэг л цагийг шинжлэх ухаан, математикийг судлахад зарцуулж байя гэж шийдэж, түүнийгээ яс сууж биелүүлдэг байснаар хожим АНУ-ын томоохон математикч болсон. Александр Гумбольдт маш их завгүй байдаг байсан учир шинжлэх ухааны судалгааны ажлуудаа хүмүүс унтаж байдаг үүрээр эсвэл шөнөөр хийдэг байж.
Ингээд харахад алдарт хүмүүс цагийг маш их харамладаг, хайрладаг байсан учраас л амжилтанд хүрсэн байдаг юм.
Цаг бол алт. Энэ үнэт зүйлсийг нэгэнт олж авч эсвэл худалдаад авчихаж болохгүйгээс хойш хайрлаж, хий дэмий өнгөрөөхөөс л зайлсхийх хэрэгтэй.
Өөртөө зориулаад өдөрт ганцхан цаг зарцуулж чадахгүй тийм завгүй хүн гэж ямар хүн байна вэ? Цаг хугацааны галт тэрэгнээс хэзээ ч бүү хоцор.

No comments:

Post a Comment