Thursday, December 3, 2009

Тусгаар улсаа тунхаглаí батлаâ

1921 оны 7-р сарын 11. Хувьсгал ялж, ард түмний гарт Засгийн эрх шилжлээ. Энэ ялалтаар Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн олсноор зогсохгүй энгийн ядуу ард ч төрөө удирдах үйл хэрэгт оролцох Бүгд найрамдах засаглалтай шинэ нийгэм тогтсон юм. Тиймээс энэ хувьсгалыг “Монголын ардын хувьсгал” хэмээн нэрлэдэг билээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрэн олсон энэ өдөр бол манай ард түмний Үндэсний хамгийн том баярын өдөр болсон юм. Эдүгээ бид төр ёсны их баяр наадмаа 88 жилийн турш тэмдэглэж байна. Энэ баярыг маань гадаадынхан “Монгол наадам” гэж онцгойлон нэрлэдэг.


1921 оны 9-р сарын 14. Монгол Улс тусгаар тогтнолоо гадаадын есөн оронд нот бичгээр тунхаглав. Ингэснээр дэлхий дахинаа шинэ улс байгуулагдсаныг зарласан түүхтэй.

 1921 оны 11-р сарын 5. В.И.Ленин Монголын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улс харилцан бие биеэ зөвшөөрөн хүлээх ба найрамдалт харилцаа тогтоох тухай Монгол-Зөвлөлтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэж Монгол Улсын бүрэн эрхт тусгаар тогтнолыг их хөрш Зөвлөлт Орос улс анх хүлээн зөвшөөрсөн юм. Дашрамд сонирхуулахад, Монголын тусгаар тогтнолын энэхүү амжилтын талаар Японы эрдэмтэн Танака Кацүхико “Хэдэн миллиард хүн амтай их гүрэн дэлхийн нөхцөл байдлын гол урсгалыг шийдэж буй өнөө үед эдгээр улсын дунд чинээний хотод хүрэхгүй цөөхөн хүн амтай атал тусгаар тогтнолоо хамгаалж байгаа энэ байдал анхаарал татаж байна” гэж шогширч байсан гэнэ лээ.

Төр улсаа эмхлэн байгуулав

 1924 оны 5-р сар. Хаант Монголын эзэн хаан Богд таалал төгсөв. Ингэснээр Монголын хэтийн талаарх асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэх цаг ирлээ.

1922 оны 5-р сарын 19. Ардын засгийн газар, Монгол ардын намаас шинэ Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргав. Сонирхуулахад, ажлын хэсэг Зөвлөлт Орос, АНУ, Япон, Бельги зэрэг орны Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын хууль дүрэм хуулах буруу гэсэн үндэслэлээр 7 сарын дараа буюу 1922 оны 12-р  сард татан буулгасан гэдэг. Ингэснээр тодорхой шийдэлд хүрч чадалгүй 1924 он хүргэжээ. Энэ хугацаанд Үндсэн хууль боловсруулах ажил зогсонги байдалд орсон юм.

1924 оны 5-р сарын 21. Монголыг дундаа хавчуулсан ЗХУ, Дундад иргэн улсын хооронд байгуулсан “Асуудал зохицуулах ерөнхий зарчмын хэлэлцээ”-нд “ЗСБНХУ нь гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч байгаа бөгөөд Монголын нутагт Хятадын бүрэн эрхийг хүндэтгэн үзнэ” гэсэн байв. Ийм хүнд байдалд орсон тэр үеийн Монголын төр засгийн удирдагчид улс орноо тусгаар тогтносон улс гэдгийг батлах, улмаар хуульчлах явдлыг түргэсгэх шаардлагатайг улам бүр мэдэрчээ.

1924 оны 9-р сарын 23. Ардын засгийн газрын ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг дахин байгуулав. Энэ комисс Үндсэн хуулийн төсөл боловсруулахдаа 1918 онд батлагдсан Зөвлөлтийн Үндсэн хуулийг гол үлгэр жишээ болгон ажилласан байна.

1924 оны 10-р сар. Төрийн бодлогод гадаад дотоодын оролцоо ихтэй, боловсрол нимгэн, төлөвшөөгүй ард түмэнтэй хүнд нөхцөл дунд нийт ард түмний төлөөлөл буюу анхны Ардын их хурлын төлөөлөгчдийг Их хүрээнд цуглуулав. Бүх аймаг хошуудаас 77 төлөөлөгч сонгосон ба ингэхдээ феодал язгуургүй атлаа амьдралын хар ухаантай, нэр нөлөөтэй шударга иргэдийг аль болох багтаахыг хичээсэн байдаг. Жишээлэхэд, ерөнхий сайд С.Цэрэндорж, Жадамба нар Ардын их хурлын төлөөлөгчдийн дотор сонгогдож чадаагүй бол тухайн үедээ хурц тэмцлээрээ алдаршсан "Ард" Аюуш,Ховдын хязгаараас ирж байсан ажээ.

11-р сар. Монголын бүх ард түмний төлөөлөл анх удаа хуралдав. Энэ нь түүх уламжлалд байсан язгууртан ноёд, ихэс дээдсийн хуралдай биш, харц ядуу хэн бүхний үгийг сонсох бүх нийтийн анхны хурал байсан юм.  Энэ хурлаар шинэ Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хэлэлцлээ. Их хурал эхлэхээс өмнө Үндсэн хуульд Монголын ирээдүйн гол зорилтыг тодорхойлохдоо "Хуучны эзэрхэг харгис феодалын суртлын үлдэгдлийг үндсээр нь халж, жинхэнэ ардын ёсонд нийцүүлнэ..." гэж онцгойлон заасан байдаг.

1924 оны 11-р сарын 25. Энэ өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар их хурлаас анхны Үндсэн хуулийг батлан гаргалаа.

1924 оны 11-р сарын 26.
Төрт ёсны Үндсэн хуулиа баталсныг олноо зарлан мэдэгдэж, ингэснээр хаант засаглалыг халж, Бvгд найрамдах улс байгуулснаа тунхаглав. Ийнхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсан түүхтэй.

No comments:

Post a Comment