Thursday, October 22, 2009

Шалтаглах өвчнөөс салах зам

Амжилтанд хүрэхэд хамгийн их садаа болдог зүйл нь тэр хүн амьдралыг аль талаас нь харж байгаагаас шалтгаална. “Манайх ядуу айл. Тиймээс би хэзээ ч их дээд сургуульд сурч чадахгүй.”, “Би нэгэнт архинд орсон хүн. Одоо гарна гэж яриад яахав дээ, чадахгүй юм чинь.”, “Би энд л төрсөн. Надад явах газар байхгүй. Үхэн үхэтлээ энд л амьдрахаас өөр зам алга”, Миний нүд сохорсон. Ном ч уншиж чадахгүй, юм ч бичиж чадахгүй болсон. Миний амьдрал ингээд дуусдаг юм байжээ.”





Иймэрхүү бодолтой хүмүүс элбэг байдаг.
Тэдний өвчин адилхан. Тэр юу вэ гэвэл “шалтаглах өвчин”. Энэ өвчин нь хүнийг зорилгод нь хүргэхгүй байх халдварт нян юм. Хүний тархинаас бүх эд эс хүртэл нь түгнэ. Дараа нь хүний сэтгэл санаа болон биеийн бүх хэсгийг өөрийн хяналтанд авна.
“Шалтаглах” өвчнийг эмнэх 5 төрлийн эмийн жор байна.

1. Зорилгоо тодорхойлох: Амьдралаас юу хүсдэг вэ? 5-10 жилийн дараа ямар байх юмсан гэж хүсдэг вэ? Өөрийн бодсон зорилгодоо хүрэхийг үнэхээр хүсч байна уу? Түүнийхээ төлөө зарим зүйлээс татгалзаж чадах уу? Цаг хугацааг та жинхэнэ гол зорилгодоо хүргэх жижиг ажлаар дүүргэж чаддаг уу? Өөрийн гол зорилгодоо хүрэхээр шийдвэр гаргасан уу? Дээрх асуултуудад хариулснаар та өөрийгөө үнэхээр зорилго тавьж уу эсвэл зөвхөн хөөрлөө дагаж уу гэдэг нь мэднэ. Шалтаглах өвчнөө эдгээхийн тулд эхлээд үнэхээр хийе гэж баттай зорьсон зорилгоо бодон дээрх асуултуудад хариулаарай.
2. Шийдвэр гаргах: Хэрэв таны зорилго тодорхой бол, үнэхээр биелүүлэхийг хүсч байгаа бол зорилгоос чинь ухраах бүх сорилттой нүүр тулахад бэлэн гэсэн үг. Амьдрал дээр амжилт гаргасан, гаргаагүй хоёр хүний ялгаа нь гэвэл “шийдвэр” гаргах явдал юм. Шийдвэр гаргасны үр дүнд хүн хөдөлгөөнд орж, өмнөө тулгарсан бэрхшээлийг давах хүч тэнхээтэй болоод амжилтын аянд гарч шалтгийн далайд живэхээс аврагдана.
3. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэх: Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэхгүй бол зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй. Ихэнхи хүн амьдралыг чиглүүлэгч нь гэр бүл, найз нөхөд болон орчин тойрон нь гэдэгт итгэдэг. Гэвч хүний чиглүүлэгч хамгийн том хүч нь өөрийнх нь “амжилтанд хүрэх итгэл” байдаг. Итгэл үнэмшил бүтээж ч чадна, нурааж ч чадна. Шалтаглах өвчинд нэрвэгдсэн хүмүүс өөрөө өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлсэн байдаг. Энэ нь өөрийн зорилгодоо хүрч чаддаггүй гэсэн үг юм.
4. Эргэж буцахгүй байх: Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тулгарсан саад тотгорт бүү бууж өгөөрэй. Угтаа бол энэ таныг амжилтанд хүрэхэд хэр ойрхон байгааг тань харуулна.
5. Хувийн дэг журмыг сахих: Шалтаглах өвчнөөс ангижирч амжилтанд хүрэхийн тулд зарим зүйлээс татгалзах шаардлагатай. Орой унтаж, эрт босч их ажиллах хэрэгтэй. Зугаа цэнгэлд юмуу өөрийгөө саатуулах зүйлүүдээс хол байх хэрэгтэй. Энэ бүхнийг хийх нь тийм ч амар зүйл биш. Учир нь зуршлууд тань сайн хамгаалалтанд орсон байдаг. Таны хийх гэж бодсон бүхэнд тань хариу өгнө. Тийм биз дээ? Хэрвээ тийм биш байсан бол та хичээл (ажил) хийх ёстойгоо мэдсээр байж зурагт үзээд суух гэж үү? Хийх ёстой зүйлээ хийж чадахгүй байвал таны өөрийгөө удирдах чадварт тань асуудал байна гэсэн үг. Шалтаглах өвчтэй хүмүүсийн ихэнх нь өөрийгөө удирдах чадвараар маш сул байдаг. Хувийн дэг журмаа сахихын тул өөрийн сэтгэл санаа болон сэтгэл мэдрэлдээ эзэн болох хэрэгтэй.

No comments:

Post a Comment