Thursday, October 22, 2009

Харуусал

Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ
Хүний хүүхдээс дорд үзлээ гэж
Омогшиж байснаа бодохоор ичиж үхэхнээ

Дэрвэж явах хэнзхэн насанд минь
Дэггүй зан хормойг чинь сэмлэнэ гэж хориход
Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж
Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ

Наргиж дарвиж цэнгэж явхад минь
Наадаж болсон бол ирээ гэж зандрахад тань
Насанд хүрсэн хүн шүү би гэж
Намжирдаж байснаа бодохоор уйлмаар байнаа ээжээ
Хий гишгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас
Хүсэж аваагүй хэр нь уусаж шингэжээ охин нь
Эргэж харах мөч бүрдээ таныхаа үгийг
Эгээ л өчигдөр шиг тодхон санах юмаа ээжээ

Хорвоогийн жам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ
Хорь гарж ойлгох учир юу байсын болоо
Хажууд нь байхдаа мэдрээгүй хэрнээ
Хэзээ хойно нь сүүмэлзээд байхынмаа

Хэлмээр үг хоолойд аргаад байхымаа ээжээ
Хэтэрхий хожуу ухаарсан харуусал минь шаналгаад байхымаа
Хэнд ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмэрдэгийм байнаа
Хэзээ ч төлж барахгүй өр мэт дотор өмөрдөгийм байнаа

Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байхымаа
Энэрэл хайр шингэсэн таныгаа эргэж авчраад жаргаамаар байхымаа
Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой
Эргэх хорвоо зогсдог болохоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай


Баашилмаар санагдаад байхымаа ээжээ

Ядарсан уу миний охин гээд духан дээр минь аргадан үнсэхээр нь
Яалаа гэж дээ ээжээ гэж хэлэхдээ яаж ядарсанаа мартчихдаг байсан юмаа
Яагаад ч юм одоо ядраад байх юмгүй хэр нь ядраад л ... байхымаа
Ядраа юу гэж та минь хэлэхгүй болохоор яахын аргагүй ядарч байнаа

Хөлс нь гарчихаж миний охины гэж өхөөрдөн үнсдэг болохоор нь
Хөлсөө л гаргах гэж хичээхдээ ихийг бүтээдэг байсан юм байнаа
Хөдөлмөрийг минь өхөөрдөж үнсдэггүй болохоор одоо
Хөлс минь гарахдаа хүйтэн гардаг болчихжээ

Охиныхоо духан дээр аргадаж үнсээч нэг ээжээ,
Дуулим хорвоод ихийг бүтээх юмсан
Охиныхоо хөлсийг өхөөрдөж нэг арчаач ээжээ,
Хөдөлмөрийнхөө хөлсөнд танаараа нэг үнэрлүүлэх юмсан даа ээжэээ

No comments:

Post a Comment