Thursday, December 3, 2009

Хүнтэй харилцах ур чадвар

Бид яриандаа бусдад эвгүй, ёозгүй сэдвийг оруулах, хөндөхийн хэрэггүй. Жишээ нь гэхэд эхнэр нь салж буйг мэдсээр байж түүнийх нь эрүүл мэндийг лавлахын хэрэггүй гэсэн үг. Хэрэв тийм эвгүй байдалд орвол санаандгүй ийм эндэгдэл гаргасныхаа шалтгааныг удтал нуршин тайлбарлахын хэрэгцээ байхгүй, ердөө товчхон уучлал гуйгаад, ярианыхаа сэдвийг өөрчилнө.

Өөр хоорондынхоо ярианд байхгүй буй нөхрийнхөө тухай муучилсан үг яриа хэзээ ч бүү ярьж байгтун. Энэ бол нэгдүгээрт, хүний мөсний тухай асуудал. Хоёрдугаарт, тэнд буй хүмүүсийн дунд муучилсан тэр нөхрийн чинь хамаатан садан, анд нөхөр нь байж болно. Гуравдугаарт, бусад нөхөд чинь өөр бусдын дунд очоод бас биднийг ингэж муучлах хүн юм байна даа гэж бодно. Цаашилбал бусдыг муучилна гэдэг бол тэр хүнд атаархсан, илүү үзсэнийх нь гэрч даруй мөний дээр өөрийнх нь оюун ухааны хүрээ хомс, явцуу учраас өөр ярих сэдэв олдохгүй буй арга ядсан хүний арчаагүй байдал мөн гэдгийг сайн ухаарах учиртай.
Yүний нэг адил бусдын цалин хөлсний их багыг сонирхох, өмссөн зүүснийх нь үнэ өртгийг асууж шалгаах нь зохисгүй. Айлд зочлон очоод дайлсан юмсынх нь үнэ өртөг, хичнээн зардал орсныг сонирхох биш, гэрийн эзэгтэйн сайхан хоол унд хийснийг нь үнэн сэтгэлийн угаас магтааж сайшаана.

Хамт буй нөхдийнхөө зовлон зүдүүр, золгүй явдлын тухай үл дурсана. Бидний өрөвдсөн, хайрласан, зовсон сэтгэл тэр хүнд тус болохын оронд сэтгэлийн шархыг нь сэдрээнэ. Тиймээс үнэн сэтгэлээсээ ч бай тийм яриа үүсгэх хэрэггүй, сониуч зангаас бол бүр ч тусгүй л дээ.
Бусдын бүтээл, уран зураг, уран баримал, уран зохиолын талаар үл ойшоосон, үл тоомсорлосон, инээдэм тохуу болгон анд нөхөд, олны дунд ярьж хөөрдөггүй. Аливаа юманд хэлэх, ярих газар цаг гэж буй.
Өөрийнхөө амжилтын тухай, ерөөс өөрийнхөө тухай ярьсны хэрэггүй. Өөрийгөө гайхуулан ярьсан хүнийг ерөөс хаана ч үнэлдэггүй. Энэ маань онгироо зангийн нэг илрэл мөн.
Зарим хүн юм л яривал намайг гадаадын тэр оронд очиход, тэнд гэж ярьдаг. Энэ маань мөн л өөрийгөө магтах, өргөмжлөх, бие тоохын нэг янзын хэлбэр мөн учир ийм ярианаас цэрвэнэ.
Хэрэв танил нөхөр, андад маань ажил дээр нь эвгүй явдал болсон, ажил төрлийн хувьд бүтэлгүйтсэн бол учир шалтгааныг нь асууж шалгаахын хэрэггүй. Хэрэгтэй гэж үзвэл нөхөр чинь өөрөө бүгдийг ярьж, зөвлөгөө хүснэ. Тэгээгүй байсан цагт бусдын хэрэгт хутгалдахын хэрэгцээгүй.
Дэргэд буй нөхдөөсөө давуу, илүү их мэддэгийг нотлох гэж улайрч хэзээ ч үл зохино. Тэгдэг хүн бол сайндаа, их юм мэддэг, чаддагтаа дэвшин дээш гарсан нь биш, түр тохиолдлоор алба тушаал ахисан байх тул түүндээ удаан байж чаддаггүй. Yнэхээрийн юм мэддэг, чаддаг гарамгай хүмүүс бол ер бусын даруу дөлгөөн, ухаалаг хандлагаараа содон ялгардаг бус уу.
Яригч өөртөө юм уу, явцуу хэдхэн хүнд сонирхолтой юмыг ярианыхаа сэдэв болгдоггүй. Ярианд тэнд байгаа бүх хүн ижил тэгш оролцох учиртай тул бүгдийн мэдэх, сонирхох сэдвээр ярилцана. Эс тэгвэл нэг хэсэг нь уйтгарлан, ярианаас тусгаарлагдах байдалд орно.
Өөрийн болон өрөөл бусдын амьдралын инээдэм, хөгтэй явдлын тухай ярихдаа их хянуур болгоомжтой хандана. Бусдын мэдэх эл дол болсон зүйлийг давтахын хэрэггүй. Өөрийнхөө ярьж буй хошин шог явдлын тухай яриаг хүн бүгдийг дуулаагүй байх гэж найдсаны хэрэггүй.
Саваагүй, сониуч зан бол хүний сайн чанар огт биш. Ялангуяа хүний өөрийнх нь хувийн амьдралтай холбогдсон яриаг иш мухарт нь тултал асууж шалгаан, нэгд нэгэнгүй мэдэх гэхийн хэрэггүй.
Бусдын нууцыг сонсох гэхгүй байх, нэгэнт дуулсан бол цааш тараахгүй байхыг өөртөө хату умөрдлөг болгон журамлана. Энэ нь сонирхсон хүмүүстэйгээ дотно сайхан харилцаатай байхад тус болно. Өөрийнхөө хамгийн нандин чухаг нууцыг гагцхүү хамгийн дотно анд найз нартаа, тэднийг уг явдалд үнэн голоосоо, тусч сэтгэлээр хандах нууцыг цааш задлахгүй гэж үзсэн хүнд ярина. Арга нь олдвол ерөөс хэнд ч ярьсны хэрэггүй.
Ярьж хөөрөх үеэр биеийн гадаад төрх байдлыг анхаарна. Амандаа тамхи зуугаатай ярих, хармаандаа гар хийлттэй, нуруу үүрээстэй, ташаа тулаастай ярих, ам хамраа, дал мөрөө хөдөлгөх, нүүр царайгаа элдвээр хувиргах нь бид тэгье гэж бодоогүй ч байлаа хөршөө, цуг буй нөхдөө үл тоомсорлосон, басамжилсан, дээрэлхсэний шинж болдог. Хүмүүжилтэй хүн бусад нь зогсч байхад ганцаар суугаад ярьдаггүй.
Ярилцаж буй үеэр хүний товч шилбэ, энгэр заамаар оролдох, мөр далбыг илбэх, цохих явдалгүй.
Ярианы үеэр яригч өөд тас, цоо ширтэхийн хэрэггүй. Бас бүр үл ойшоон, гиюүрэн ийш тийш харах буюу газар шагайхын хэрэггүй.
Бусдын дэргэд хоорондоо үл мэдэх хэлээр ярих, шивнэлдэх хэрэггүй. Тийм нууц хэрэг гарвал сүүлд буюу тусдаа гарч ярина.
Уцаарлаж цухалдалгүй, хөөрч дэврэлгүй, яарч тэвдэлгүй, амьсгаадаж аахилангуй уужуу тайвуу ярина. Тэхдээ энэ маань сэтгэл хөдлөлгүй, нэгэн хэв уйтгартай ярь гэсэн хэрэг биш.
Аялга бол хурц, хүчирхэг зэвсэг мөн. Аялгыг зөв хэрэглэж чадвал ямар ч хурц, айхавтар үнэнийг, хүнийг гомдоолгүйгээр хэлж болно. Аялгыг зөв хэрэглэж чадахгүй юм уу, түүнд хайнга ханддаг хүн бол хүнийг үхтэл нь, хамгийн гол нь зүй бусаар гомдоож мэднэ.
Этгээд юм уу, нутаг нутгийн өвөрмөц үг хэл хэрэглэхийн хэрэгцээгүй. Тийм үгс хэрэглэлээ гээд яриа амттай, утга төгөлдөр болохгүй. Түүнчлэн гадаадын цэцэн, зүйр үгийг тэр хэлээр нь яриандаа оруулах хэрэггүй.
Мэдэхгүй юмаа мэддэг царай үзүүлж ярих зохисгүй. Тэгснээс болж хөгтэй, эвгүй бйдалд орж мэднэ. Хэзээ мөрт байдгаараа, хэвийн байх шиг сайхан юм байхгүй. Yнэн мөнөөрөө байвал үхэр тэргээр туулай гүйцдэг бус уу.
Юм ярихдаа бусдыг хүндэтгэх, тэдний анхаарал, цагийг хайрлан үнэлэх санааг үндэс болгодог. Юм ярихдаа дэл сул, аахар шаахар юм оруулахгүй, гол ярианаас хадуурахгүй байх нь нийцтэй. Дэл сул, хадуурсан зүйл ихтэй яриа сонирхлоо алддаг. Бусдын дуугүй чагнаж буйг дэндүү ашиглан ганцаархнаа яриад байж таарахгүй. Тэр хүмүүс ёс бодож дуугүй чагнаж байгааг бодолцоно.
Мэргэжлийн яриа, олонхид ойлгомжгүй нэр томъёо хэрэглэхээс дээд зэрэг цэрвэнэ.
Нэг юмаа ултай, тууштай ярихгүй, сэдэв сэдэв рүү үсчих нь уг хүний мэдлэгийн сан хөмрөг нимгэнийг гэрчлэхийн дээр тийм хүн бусдын нүдэнд “ам баринтаггүй бураач” болж харагддаг.
Уран хурц, хөгжөөнтэй үг сайхан ч тийм үгийг цаг, эгзэг, орчноо олж хэлэх хэрэгтэй. Халзан хүний дэргэд халзан хүнийг шоолсон үг, тарган бүдүүн хүний дэргэд тарганыг шоолсон үг хэлэхэд эвтэйхэн байх уу даа, үгүй юү.
Нөхөд чинь нөхөрсгөөр тоглоход хариугаа авах гэж цэц булаалдах, хариу тоглоом хийх хэрэггүй. Тийм үед өөрийгөө давагдлаа, битүүгээр егөгдлөө гэж бачимдах, нүүр улайхын хэрэггүй. Тийм үед хамгийн ухаалаг арга бол тэр цэцэн хурц үгийг өөрийн чинь хувьд хэлсэн ч гэсэн будсын адил хөхрөөд инээдэм наадам болгосон чигээр нь өнгөрүүлэх хэрэгтэй. Тоглоом тохууг ойлгож, түүнд гомдохгүй байна гэдэг хүний бас нэг нандин чанар, нөхөрсөг харилцаанд их тус болдог эд юм шүү. Цаад хүн тоглоомоор далимдуулан чадах гэсэн байлаа ч инээж хөхрөн, дуугүй өнгөрөх нь ухаант хүний зан буюу.
Хүнтэй харилцах ур чадвар гэдэг бол хүнтэй ярьж хөөрч чадах чадвараас гадна хүний ярьсныг чагнах чадвар, тэвчээрийг хэлнэ. Хүний яриаг дундуур нь орон таслах, бодсон санаснаа дуусан ярих боломж олгохгүй байхыг эрт дээр цагаас аль ч улсад эв нийцгүйд тооцож иржээ. Яриаг нь дуусан сонсолгүй, тэс ондоо сэдвийн юм асуух нь хүнд гомдох, эгдүүцэх ямар эвгүй сэтгэл төрдгийг хүн бүхэн бэлхнээ мэднэ. Тийм үед яриагаа үргэлжлүүлэх хүсэл тэр дороо унтран дур гутан, өөрийг чинь хэрхэн ойшоон хүндлэхгүй буйг мэдэрдэг.
Хоёул ярин зогсч байснаа гурав дахь хүн хүрч ирэн нэг нэгтэй нь юм ярих хэрэгцээтэй буйг хараагүй царай гарган ярилцсаар байдаг нь эелдэг бус, эв нийцгүй, тусгүй хэрэг.
Албан тушаалын байдал, гавьяа аль аль нь ч бусдын тухай дорд үзэнгүй ярих эрх олгохгүй. Иймд бусдыг үл хүндэтгэх яравгар, тэхүүн зан бол манай нийгэмд үл нийцэх түшмэл зан мөн.

No comments:

Post a Comment