Thursday, December 10, 2009

Таны оюуны чадавхын аль тал нь илүү вэ?

”Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм.” /Жорж Гордон/
Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа, байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт батлагджээ.

“Хүн өөрийн оюуны чадавх болон арга барилаа таньж мэдэн, хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Хүмүүс бид бие биеэсээ ялгаатай байдаг нь хүн болгоны оюун ухаан өөр өөр байдагтай холбоотой. Хэрэв бид үүнийгээ анзаардаг бол амьдралд гарч байгаа саад бэрхшээлийг давах нь хялбар байх сан.“ /Ховард Гарднер/
Оюуны чадавхыг товчоор дүгнэн хэлвэл “төрөлхийн бөгөөд хожим нь (орчин тойрноос) бүрэлдэн бий болсон ур чадварын нийлбэр” гэжээ. Хүмүүс хэд хэдэн талаараа ялангуяа оюун ухааны хувьд хөгжүүлж болох нийтлэг олон онцлогтой. Хэдий тийм боловч биднийг бие биеэс минь ялгадаг өвөрмөц шинж чанарууд байдаг. Тийм учраас оюун ухааны чадавхыг удамшил болон хүрээлэн буй орчны нөлөөгүйгээр тайлбарлах аргагүй. Хүний оюуны чадавхад төрөлх хэл мөн ёс заншил, соёл нөлөөлдөг. Оюуны чадавх ба түүний хэмжүүртэй холбоотой маш олон онол бий. Бид энэ удаа онол бүрийг нэг нэгээр нь нуршилгүй мөн оюуны чадавхыг чадвар талаас нь голчлолгүй, харилцан хоёр талын нөлөөнд байгаа чадварын систем гэж ойлгоход дөхөм болох, үүгээрээ бидний ойлголтын цар хүрээг тэлж өгөх “Олон талт оюуны чадавхын онол” (ООО)-ыг авч үзнэ. Энэ онолыг амьдралаас гарган авсан тул өргөн дэлгэрчээ. Гарднерийн (1983) ООО гарч ирснээр өмнө нь оюун ухааны чадавхыг зөвхөн “хэл ярианы”, “тооны” гэж ангилан үзэж, үүндээ тохируулан гаргаж ирсэн оюуны чадавхын сорилт, оюуны чадавхын тухай ойлголтууд нь түүх болон үлдлээ. Оюуны чадавхын талаар шинэ хэмжигдэхүүн бий болгосон Гарднер хүнд найман төрлийн оюуны чадавх байдаг гэж үзжээ. Эдгээр нь хоорондоо нэлээд олон янзаар холбогддог хамтын ажиллагаатай. Хувь хүний оюун ухааны чадавхын нэг хэсэг нь тухайн хүний өсч хөгжих үетэй холбоотойгоор илэрч болдог. ООО – оороо боловсролд шинийг санаачлан гаргаж ирсэн Гарднер, хөгжлийн сэтгэл зүй болон уураг тархины судалгаа, хөгжих үйл явцыг судалсны үр дүнд дараах найман төрлийн оюуны чадавхын тоо нэмэгдэж болохыг онцолжээ.
Тэрээр оюуны чадавх бол асуудал шийдвэрлэх, бүтээх зэрэгт хүн бүхний ашиглаж болох зүйл гэж үзсэн бөгөөд үүнийг: Хэл, Логик- математик, Орон зайн, Хөгжмийн, Бие махбодийн- кинетик, Нийгмийн, Дотоод сэтгэлийн болон Байгалийн гэж ангилжээ. Оюуны чадавхыг зөвхөн энэ хүрээнд нь хязгаарлахгүй байхыг анхааруулсан Гарднер өөрийгөө хүний авьяас чадварыг өмнө нь хэмжиж байснаас илүүгээр гаргаж чадсан гэж үздэг юм. Тэрээр оюуны чадавхыг хязгаартайгаар шалгадаг олон тестийн эсрэг хүний мөн чанарт тулгуурлан эдгээр чадавхуудыг ч задалж болдгийг тогтоожээ. Жишээ нь хөгжмийн чадавхын дотор хөгжим тоглох, дуу дуулах, хөгжмийн сонсгол зэрэг олон чадвар багтаж болдог. Нөгөө талаас нь үзвэл оюун ухааны чадавхын янз бүрийн төрөл нь нэг нэгээсээ огт өөр эсвэл онцгой шинж чанартай цогц зүйл биш. Жишээ нь нэг хөл бөмбөгчин өөрийнхөө бие махбодийн чадвараа бөмбөгний хойноос гүйх, авах, өшиглөх үедээ; орон зайн чадавхаараа нөхцөл байдлыг шинжих, нөгөө тоглогчийн байрлалыг тогтоох үедээ; хэл яриа, нийгмийн чадавхаа тоглоомын дүрмийг сурах, багийн нөхөдтэйгээ маргалдах үедээ; дотоод чадавхаа өөрийгөө цэгнэх үедээ ашигладаг.
Мөн зөвхөн нэг төрлийн чадавхаар өөрийгөө хэмждэг үе аль хэдийнээ өнгөрчээ. Сурч боловсрох үр нөлөө, орчныг олон талт оюун ухааны чадварт тохируулан бий болгоход илүү их үр дүнтэйгээр өсч нэмэгддэг. Хувь хүн бүр өөрийн давамгай “оюуны чадавхаа” ашиглан бусад чадавхуудаас шалтгаалдаг чадварыг эзэмших, давамгай чадвараа илрүүлэн, баяжуулснаар боловсрол, амжилт, бүтээлч байдал, нээлт ололтыг хийж чадах бөгөөд хүсвэл өөрийн сул чадавхаа ч маш сайн сургалтын үр дүнд хөгжүүлж болдог байна. Өнөө үед сэтгэл судлал, боловсролын салбар улам хөгжихийн зэрэгцээ хувь хүн юу хийж чаддагийг бус харин юуг хийж чадахыг судлах хэрэгтэй юм. Бид дараах хэсэгтээ янз бүрийн оюуны чадавхын өвөрмөц шинж болон үүнээс үүдэн гардаг зан чанарт тулгуурласан мэргэжлийг тодорхойлон, тухайн чадварыг янз бүрийн орчинд хялбархан хэрэгжүүлж болох аргыг дурдаж байна.
1. Хэл ярианы чадавх.
Хүн төрснөөс эхлэн сурсан хэл яриагаа ашиглах чадвар нь янз бүрийн соёл иргэншил, нөхцөл байдлын дунд ялгаатай байдаг. Жишээлбэл зарим хүн хэлийг зөвхөн бусадтай харилцахын тулд ашиглаж байхад зарим нь маш олон хэл мэддэг, харилцааны чадвартай байх жишээтэй. Эрдэмтэд олон жилийн турш хэл яриа болон тархины хоорондох холбоог судалж үзжээ. Хэл ярианы чадвартай хүн бусадтай харилцах харилцаа, холбоондоо хэлийг чадварлаг хэрэглэдэг болох нь нотлогджээ. Энэ чадавх нь ярих тайлбарлах ойлгуулах,ухуулах зэрэг ажил мэргэжилд (ихэнхдээ илтгэгч, уран уншигч, улстөрч гэх мэт) илэрдэг. Хэл ярианы чадавхыг хөгжүүлэхийн тулд суралцах орчинд ном сонин унших, бичих, ярих, илтгэл тавих, сонсох, чанга дуугаар унших, жүжиг тоглох зэргийг хийх хэрэгтэй.
2. Логик- математикийн чадавх.
Хувь хүний логик сэтгэхүйн чадварлаг байдал нь, асуудлыг шинжлэх ухааны аргаар шийдэх, ухагдахуунуудын хоорондох уялдаа холбоог олох, ялган салгах, ангилах, ерөнхийлөх, математикийн ямар нэг томьёог батлах, тооцоолох, адилтгах зэрэг чанаруудаар илэрдэг. Логик- математикийн чадавх нь хүчтэй хөгжсөн хүмүүс бол математикчид, эрдэмтэд, нягтлан бодогчид, статистикчид, компьютерийн программистууд гэж хэлж болно. Энэ чадавхыг хөгжүүлэхийн тулд бодлого бодох, геометр судлах, хэмжих, ангилах, хуваах, сэтгэхүйн тоглоом, туршилт хийх, ямар нэг зүйл бүтээх зэрэг дасгалыг хийх хэрэгтэй.
3. Орон зайн чадавх.
Энэхүү чадвар нь гурван хэмжээст дүрсийн хэлбэр байдлыг хэр их төсөөлж чаддагтай холбоотой. Энэ төрлийн оюуны чадавх нь биетийг хараагүй боловч сэтгэлдээ амилуулж, онцлог талуудыг нь ялгаж чаддаг байхыг хэлнэ. Энэ чадавх нь харах чадвар болон биет, огторгуйд байгаа дүрсийн хэлбэр, графикийг үзүүлэх, зурах будах, хэлбэр үүсгэх зэрэг чанарыг агуулдаг. Анчин, мөрч, зөвлөгч, уран барималч, засал чимэглэлчин, зураач, сийлбэрчин зэрэг хүмүүс бол энэ чадвар нь хөгжсөн хэрэг юм. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд зураг, график, фото зураг унших, биет адилтгал бүтээх, гурван хэмжээст туршилт, будах, эвлүүлэх, өгүүллэгийг зургаар илэрхийлэх, загвар зохиох, өнгө будаг, дүрс ашиглах зэрэг арга дасгалыг хийж болно.
4. Хөгжмийн – хэмнэлтийн чадавх.
Хөгжмийн чадавхын тухай бодоход дуу хөгжмөөр өөрийгөө илэрхийлдэг хүмүүс санаанд ордог. Эдгээр хүмүүст хэмнэл, хөг аялгуу, жүжиглэх мэдрэмж байдаг. Хөгжмийн зэмсгээр тоглох, дуулж байгаа дуугаа шинээр зохиох зэрэг чадвартай. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс ихэвчлэн хөгжмийн зэмсэг, найрал дуу, найрал хөгжим зэргийг сонирхдог. Хөгжмийн чадварыг хөгжүүлэхийн тулд дуу дуулах, хэмнэл олох, аялах, хөг олох, фон хөгжим тоглох, хөгжмийн зэмсэг тоглох зэргээр хичээллэх хэрэгтэй.
5. Бие махбодийн чадавх.
Энэ нь хувь хүн өөрийн бие, үйл хөдлөлөө ашиглах байдал буюу биеийн хэлийг хэр эзэмшсэнийг нь харуулдаг. Биеийн чадвар сайтай хүмүүс спортын дасгал хөдөлгөөн, тогтмол хэмнэлттэй тоглоомыг хялбархан сурдаг.Ийм чадвартай хүмүүсийн биеийн тэнцвэр, зайн баримжаа, хурд, туршлага, уян хатан байдал нь анхаарал татдаг. Бүжигчид, уран нугарагчид, тамирчид, үггүй жүжиглэгчид, мэс засалчид, техникчид, уран барималчдыг нэрлэж болно. Биеийн чадварыг хөгжүүлэхийн тулд биеийн хөдөлгөөн, биеийн хэлийг ашиглах, тустай зүйлсийг олох, гардан хийх туршилт зэргийг ашиглана.
6. Нийгмийн харилцааны чадавх.
Энэ чадавхын дотор хүмүүстэй харилцаа тогтоох, бусдыг ойлгох, зан аашийг нь мэдэх зэрэг чадвар багтдаг. Бид энэхүү чадавхынхаа тусламжтайгаар л хэсэг бүлэг болдог билээ. Улстөрчид, лидерүүд, сэтгэл зүйчид, багш нар, жүжигчид, аялал жуулчлалын ажилтан нар бүгд л энэ чадавхаа сайн ашигладаг хүмүүс юм. Нийгмийн харилцааг хөгжүүлэхийн тулд бүлгээр ажиллах, багаар суралцах, мэтгэлцэх, клуб байгуулах, жүжиг тоглох зэрэг нь хэрэгтэй.
7. Дотоод сэтгэлийн чадавх.
Энэ чадвар нь хувь хүн “өөрийгөө” мэдрэх, ойлгохтой холбоотой чадвар юм. Бид хэн болохоо, юунаас болоод юу мэдэрч байгаагаа бодож байгаа маань үүнтэй холбоотой. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх, сахилга баттай байх, хувийн бэрхшээлээ давж гарах гэх мэт туршлагатай байдаг. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд хувийн төслийг хэрэгжүүлэх, ажлынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлах, өөрийгөө таньж мэдэх зэрэг арга хэрэглэж болно.
8. Байгалийн чадавх.
Гарднер олон талт оюуны чадавхынхаа хамгийн сүүлд (1995 онд) олж нээсэн ойлголт юм. Төрөлхийн энэ чадвар нь нэг хэсгийн эсвэл бүхэл дэлхийг хамарсан өөрчлөлтийг тайлбарлах, ан амьтан, байгалийн жам ёсыг дурайн авиа ашиглан судлах, гэрэл зураг авах зэргийг агуулдаг. Анчин, ургамал судлаач, анатомич зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Энэ чадавхыг нээн илрүүлэх, хөгжүүлэхийн тулд эргэн тойрныг төлөвлөгөөтэй судлах, сургуулийн хашаан дахь цэцэрлэгийг тохижуулах, амьтан тэжээх, хичээл дээр дуран авай хэрэглэх, байгалийн зураг зурах, зураг авах, каталог хийх зэрэг олон арга байж болно.
Эцэст нь:
Хувь хүн бүрийн онцгой чанар нь оюун ухааны чадвар биш бөгөөд ийм болгохын тулд байнгын шинж чанартай байх, соёл иргэншилийн ойлголтонд хүндтэй байр суурийг эзлэх, цаашид үр дүнтэй байх, асуудлыг шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Оюуны чадавх нь зөвхөн хоёрхон зүйлээр илэрдэг биш бөгөөд дуу хөгжим, биеийн тамир, бүжиг, харилцаа, байгаль, зургаар өөрийгөө дүрслэх зэрэг нь бүгд үүнийг илтгэдэг. Дээр дурдсан 8 төрлийн чадавхыг хөгжүүлэхийн тулд ангид ямар ямар арга барил хэрэглэж болохыг ч танилцууллаа. Гэвч сурган хүмүүжүүлэгч бид үүнийг хийхийн өмнө өөр дээрээ туршиж үзэн туршлага хуримтлуулан өөрсдийгөө хөгжүүлсний дараа нөлөөг нь харж хангалттай болон хангалтгүй талаас нь мэдэж авах хэрэгтэй.
Оюуны чадавхыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс
ООО нь шинэ сурах ба сургах арга барилыг хөгжүүлэх эхлэл болж байна. Гарднерийн үзэж байгаагаар энэ чадавхад биологийн болон соёл иргэншлийн нөлөө ч их хамаатай ажээ. Үүнээс үүдэн оюуны чадавхыг хөгжүүлэхээс гадна сөрөг дагавар үзүүлдэг хүчин зүйлс ч байдгийг доор дурдлаа.
1. Эх сурвалжид хүрэх боломж: Жишээ нь ядуу айлын хүүхэд хөгжмийн чадавхаа хөгжүүлэхийн тулд хийл, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсэг авч чадахгүй тул энэ чадвар хөгжих нь бэрхшээлтэй.
2. Түүх, соёлын хүчин зүйлс: Манай улс шиг гэр бүл, сургуульд нь математик болон ерөнхий боловсролын хичээлийг нь чухалчлан үздэг бол зөвхөн логик- математикийн чадавх нь хөгжих орчин байна гэсэн үг.
3. Газарзүйн хүчин зүйлс: Хөдөө өссөн хүүхдийн орон зайн чадавх хөгжил нь хотод байшинд өссөн хүүхдийг бодвол илүү байдаг.
4. Гэр бүлийн хүчин зүйлс: Зураач болохыг мөрөөддөг хүүхдийн гэр бүлийнхэн нь түүнийг өмгөөлөгч болгохыг хүсдэг бол тэд тэр хүүхдийн зөвхөн хэл ярианы чадавхыг л дэмждэг.
5. Нөхцөл байдлын хүчин зүйлс: Олон хүүхэдтэй айлд төрж өссөн “яриа хөөрөөтэй” нэг нь мөн айлын “дуугүй” нэгнийг бодвол нийгмийн харилцааны чадавх нь илүү хурдан хөгждөг.

No comments:

Post a Comment