Thursday, December 10, 2009

Инээмсэглэх хэрэгтэй юу?

Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг юм.


Багад минь үндэсний радиогоор “Инээмсэглэл авч байгаа хүнээ баярлуулдаг атлаа өгч байгаа хүнээ үгүйрэлдэггүй” гэсэн үгс өглөө бүр эгшиглэдэг  байлаа. Инээмсэглэлийн ач холбогдол гэж юуг хэлэх байтугай цүнхтэй номоо ч гүйцэд уншиж сураагүй явсан гэнэн нас минь түүний утгыг яаж ч ойлгох билээ дээ. Хүмүүс бие биедээ инээмсэглэл гээч зүйлийг амар байна уу гэж мэндлэхтэй ижил өгөх ёстой юм болов уу л гэж ойлгож байсан санагдана. Харин хожуухан инээмсэглэл гээч зүйл ямар үнэ цэнэтэй, юугаар ч орлуулшгүй сайхан сэтгэгдэл үлдээдэг болохыг сайтар ойлгож билээ.
Шинэ оны өмнөх орой хүн ихтэй автобусанд гүйхээрээ суугаад хотын захад байх гэрээ хүртэл тухалчих аятайхан байр олох гэсэндээ хавь ойрын хүмүүсийг уурлуулан түүндээ ч өөрөө бухимдан, чихэлдэж байж арай гэж нэг бариул олж атгав. Гэтэл хажуугаас хэн нэгэн нь хөл дээр гишгэх нь тэр. Гал дээр тос нэмэх адил уур дүрсхийж тэр бүдүүлэг этгээд рүү хяламхийн харвал -Өө уучлаарай, хүүе сайн уу миний хүү гэсээр олон жил уулзаагүй танил эгч минь зогсож байх нь тэр. Эгчийн нас хэвийж царай нь бага зэрэг ядрангуй харагдсан ч уулзах бүрт чин сэтгэлийн гүнээс инээмсэглэдэг тэр л инээмсэглэлээр нь би түүнийг төвөггүйхэн танив. Бас эвгүйхэн харчихсандаа бантаж, нүүр хийх газраа олж ядан байсан ч түүний сайхан инээмсэглэл энэ бүхнийг, түүгээр ч зогсохгүй бидний олон жил уулзаагүйн бишүүрхлийн ханыг нурааж чадсан юм.  Хамгийн харамсалтай нь маргааш өдөр нь би тэр инээмсэглэлийн эзэн энэ хорвоод үгүй болсныг мэдэж билээ. Магадгүй түүний хамгийн сүүлд уулзсан хүн нь би байж. Түүний өөдөөс түрхэн зуурын бухимдлаа барьж чадаагүй би даанч муухай харсан. Харин тэр эгчийн хэзээд ч хэнтэй ч сайхан харьцаж үнэн сэтгэлийн угаас нүүр дүүрэн мишээдэг тэр л сайхан инээмсэглэл миний сэтгэлд мөнхөд хоногшин үлдэж дээ.
Бид нэгэнтэйгээ таараад заавал инээмсэглэх хэрэгтэй юмуу? Хэрэгтэй гэж хэлэх байна. Та бусдад таатай мэдрэмж төрүүлж бусдын хүндлэлийг хүлээхийг хүсдэг л биз дээ. Тэгвэл танилтайгаа, анд найзтайгаа, ах дүү, албан газрын хамт олонтойгоо уулзахдаа аятайхан инээмсэглээд мэндчилчихэд хэцүү биш шүү, оролдоод үзээрэй. Сэтгэл бухимдуу хэцүүхэн байгаад хүн бүхэн таны эсрэг болсон юм шиг санагдаж сэтгэл бачимдан явахад хэн нэгэн танил тань танд нүүр дүүрэн сайхан инээмсэглэл бэлэглэхэд сэтгэл тань сэргээд л ирчихдэг юм шүү дээ. Гэвч би энд худал, албан хүчээр инээмсэглэх тухай яриагүй. Магадгүй миний ээжийн тухай хүн бүр сайн эмэгтэй, сайхан ааштай хүн гэж ярьдаг нь ээжийн ямар ч хүнтэй инээмсэглээд мэндчилдэг, бүр үнэн сэтгэлийн угаасаа бусадтай харьцдагтай холбоотой гэж боддог юм. Таныг инээмсэглэхэд хэн ч тань руу хялайхгүй, магад зарим хүнд энэ тийм чухал асуудал биш байж болох ч амьдрал дээр ч, ажил дээр ч асуудлыг хамгийн сайн талд эргүүлэх зэвсэг бол инээмсэглэл юм. Сайхны өөдөөс инээж муугийн өөдөөс ярвайх бол хамгийн том дутагдал. Хүний хорвоод хүн болж мэндлээд буцах цагтаа бид баян ядуу хэн ч ялгаагүй бүгд л явах болно. Өнгө зүс, өмссөн зүүснээр нь ялгалгүй нэгэнтэйгээ сайхан харьцаж амьдаръя. Таны инээмсэглэл тэвчишгүй уур хилэнг номхруулж танд өөрт чинь ч гэсэн аз жаргал авчирдаг юм шүү дээ. Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэдэнд цаг ямагт анхаарал хандуулж, тэдний хүсэлтийг шуурхай биелүүлж, корпорациа тэргүүн зэрэгт хүргэх үүрэгтэй, бас өндөр хариуцлага хүлээсэн хамт олон. Тиймээс ч хамт олонтойгоо, хэрэглэгч үйлчлүүлэгч нартайгаа ч сайхан харьцаж инээмсэглэж сурах хэрэгтэй. Бид урсгалаараа урсаж яваад энэ байгууллагад хөл тавьсан юм биш. Чадалтай, чадвартай залуус энэ байгууллагын ажилтан болдог. Инээмсэглэж чаддаггүй бол дэлгүүр нээх хэрэггүй гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ инээмсэглэж чаддаг, эвтэй таатай уур амьсгалтай сайхан хамт олон болъё.
80 аад оны залуусын дунд хит болж байсан энэ дууг та санаж байна уу.
Амьдрал учралын заяа
Аядуухан түүнтэй учруулсан
Алсын тэртээд хоцорсон ч
Амьсгаа даран дурсах юмдаа
Эгэл сэтгэлийг уярааж
Тунгалаг ариун төрхөөрөө
Итгэл дурлал бэлэглэсэн
Тэр нэгэн дотно мишээл…
Урсан одох цаг хугацаа
Улам чамаас холдуулсан ч
Энэрэлт илчээ үлдээсэн
Ивээл дөлгөөхөн мишээл….. гээд л. Инээмсэглэл хүний зүрхэнд ингэж хоногшдог юм. Зөвхөн ажил, танилын хүрээнд ч биш хайртын чинь зүрхэнд ч гэсэн таны инээмсэглэл хамгийн сайхан бэлэг болдог юм шүү.
Эцэст нь “Инээмсэглэсэн царайны өөдөөс гар далайх нь үгүй” гэсэн сайхан ишлэлээр энэхүү нийтлэлээ төгсгөхийг хүслээ….

No comments:

Post a Comment